“МОСБХ” НҮТББ

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн тогтвортой үйл ажиллагааг дэмжин шилдэг шинэ залуу оюутан тамирчдыг нээх, цаашид мэргэжлийн түвшний тамирчин болгоход анхаарахаас гадна тухайн оюутныг төлөвшүүлэх, боловсролын түвшнийг сайжруулахад чиглэнэ.

ЗОРИЛТ:

  • Оюутны Лигийн цар хүрээг тэлэх, илүү олон сургуулийг хамрах;
  • Оролцогч, Их дээд сургуулиудыг тэмцээнээр дамжуулан сурталчлах;
  • Тэмцээний шилдэг тамирчдыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх;
  • Монгол улсын залуучуудын шигшээ багийг бүх насанд бүрдүүлэх;
  • Оюутан тамирчдыг мэргэжлийн болон сонирхогч тамирчдаас ялгаж, салгах;
  • Их, дээд сургуулиудыг сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багтай болох суурийг тавих;
  • Лигийн багуудын нэрийг сургууль бүрийн бизнес брэнд болгож, хөгжүүлэх;
  • Оюутан тамирчдын сурлага, ёс зүйн шаардлагын биелүүлэлтийг хянах.

“Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоо” НҮТББ (МОСБХ) нь 2013 онд албан ёсоор байгуулагдсан ба 2017 оноос удирдлагын бүрэн шинэчлэл хийж идэвхтэй бөгөөд тогтвортой үйл ажиллагаатай болж сагсан бөмбөгийн спортоор дамжуулан залуу үе, оюутан залууст хандсан, тэднийг нийгмийн идэвх санаачилгатай зөв иргэн, хувь хүн болгон төлөвшүүлэх ерөнхий зарчмыг баримтлан ажиллаж байна.  Удирдлагын бүтэц шинэчлэгдсэнээр арвин түүхтэй Монголын үе үеийн шилдэг сагсан бөмбөгчид төрөн гарсан үнэнч хөгжөөн дэмжигчидтэй оюутны лигийн 2017-2018 оны 18 дахь удаагийн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан.  Ингэхдээ МОСБХ нь оюутан залууст зөвхөн спортын талбай дээр амжилт гаргаад зогсохгүй мөн амьдрал дээр ямагт ялагч байгаасай гэсэн үзэл баримтлалын хүрээнд тэдний хувийн боловсрол, мэдлэг, хөгжилд анхаарч “Оюутан-тамирчин” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн билээ. Өмнөх улирлын Оюутны лигийн тэмцээнд оролцогч нарт тодорхой шалгуур тогтоож, өөрийгөө хөгжүүлж амжилттай хэрэгжүүлсэн тамирчдыг шалгаруулж Оюунлаг тамирчин хэмээн алдаршуулсан. 

МОСБХ нь Ерөнхийлөгч, Удирдах зөвлөл болон Менежментийн баг гэсэн ерөнхий бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж, төр болон хувийн хэвшилд ажиллаж байгаа салбар бүрийн төлөөлөл болсон мэргэшсэн мэргэжилтнүүд сайн дурын хүсэл сонирхлоор нэгдэн ажиллаж байна. 

Монгол улсын спорт сонирхогч 18-35 насны нийт залуучуудын 45-55 хувь нь сагсан бөмбөгийн сонирхдог болохыг албан ёсны судалгаагаар тогтоосон байдаг ба Оюутны лигийн тэмцээнд нэг улиралд 600-800 гаруй оюутан тамирчин, 20000-30000 гаруй хөгжөөн дэмжигч идэвхтэй оролцдог онцлогтой.